-СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ҮЙЛДВЭРЛЭСЭН
ОНООС ХАМААРЧ НЭМНЭ-
ОНООС ХАМААРЧ НЭМНЭ-
Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж буй юм. Иймд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татварыг нэмэгдүүлэх, мөн хос тэжээлт, цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулахаар тооцжээ.
Өмнөх Засгийн газрын үед “hybrid” буюу эко бензин зарцуулалт багатай суудлын автомашиныг Япон улсаас импортоор оруулж ирэхэд онцгой албан татваргүй болгож байсан. Энэхүү шийдвэр гарснаар иргэд ихэвчлэн бензин зарцуулалт багатай “Prius” маркийн машиныг ихээр худалдан авсан байдаг. Гэтэл автомашины онцгой албан татвар нэмэгдүүлэх шийдвэрийг хэлэлцэж эхэлсэн даруйд суудлын автомашины үнэ огцом өссөн талаар хэвлэлүүд шуугиж эхлэв. Бид “Да хүрээ” захыг зорьж, автомашины үнэ хэдэн төгрөгөөр өссөн талаар сурвалжиллаа.
“Да хүрээ” автомашин худалдааны захад автомашин харилцан адилгүй үнээр борлуулагдаж байна. Ченжүүд хэлэхдээ “Автомашин худалдан авахаар ирсэн иргэд ихэвчлэн “Prius-20” болон “Prius-30” маркийн автомашинуудыг худалдан авч байна” гэв. Иргэдийн сонирхон худалдан авдаг “Prius” маркийн автомашин дотроо үйлдвэрлэсэн он болон Монголд орж ирсэн он, S, G бүтэн G зэргээс хамааран үнийн хувьд зөрүүтэй байна. Мөн урин дулаан цаг ирсэнтэй “Harrier” маркийн автомашин илүү ихээр сонирхож эхэлжээ. Автомашин зарж буй ченжүүд бэлэн мөнгөөр худалдан авах гэж байгаа бол машинуудаа илүү сайн доош буулгаж өгнө хэмээн онцолж байлаа. “Да хүрээ” захаар үйлчлүүлж буй иргэдийн 80-90% нь лизенгийн үйлчилгээ болон хуучин машинаа оролцуулан зөрүү өгч шинэ машин авах зэргээр үйлчлүүлдэг байна. Шууд бэлэн мөнгөөр худалдан авдаг хүн цөөн байдаг аж.
Тус автомашин худалдааны захад өнөөдрийн ханшаар зарагдаж буй автомашины үнийн хувьд “Toyoto prius-10” 1998 оных 6.5 сая, “Toyoto prius-20” 2004 оных 9-9.5 сая, 2006 оных 9.5 саяас 11 сая,2007 оных 10-12 сая, 2008 оных 11.5 сая, “Toyoto prius-30” 2010 оных 14.5 сая, 2012 оных 17.5 сая, 2013 оных 17.5 сая, хамгийн доод үнээр борлуулагдаж буй “Prius 30 S” загварын автомашин 13 сая, 2009 оны бүтэн G загварынх 16 сая, 2011 оны S загварынх 13 сая байна.
Мөн “Harier” маркийн автомашин 24-27 сая, “Harier mark X” 17 сая, “Alphert” хамгийн доод үнэ 13 сая, 2007 оны “Premio” 16.5 сая, “Crown 180” 17.5 сая, “Toyoto Hyundai sight” 2010 оных 8.5 сая,“Kluger” 2005 оных 19.5 сая, 2007 оных 20.5 сая, “Vanguard” 2008 оных 19.5 сая, “Athlete crown” 25 сая төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа аж.
Түүнчлэн борлуулагдаж буй шинэ автомашин орж ирэхдээ үнэлгээнээс хамааран харилцан адилгүй зарагддаг байна. Монголд хамгийн дээд үнэлгээний машин 4.5 А болон В байдаг байна. Энэ нь цагаан сарын баярын өмнөх үеийнхээс нэмэгдсэн үнэ ажээ. Учир нь хоёрдугаар сарын эхэн үед иенийн ханш суларсан байсан тул ченжүүд автомашины үнийг бууруулан худалдаалж байжээ. Түүнчлэн 2004 оны жижиг суудлын автомашинуудыг он хуучирч буй учраас шахаж зарсанаа хэлэв.
-ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ХЭРХЭН НЭМЭГДЭХЭЭС ШАЛТГААЛЖ ҮНЭ ДАХИН ӨСНӨ-
Автомашины онцгой албан татвар оноосоо хамааран нэмэгдэх тул ченжүүд хэрхэн нэмэгдэхээс хамааран одоогийн үнээ дахин нэмнэ хэмээн хэлж байв. Ингэхдээ 10 саяын автомашиныг нэг сая төгрөг, 20 сая төгрөгийн үнэ бүхий машиныг хоёр сая төгрөгөөр нэмэх аж. Автомашин борлуулж буй ченжүүд өөрсдийн дурааар үнээ нэмээгүйгээ хэлж байлаа. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд валютын үнийн өсөлт огцом нэмэгдсэн тул ийнхүү үнээ нэмсэн байна.
Ченжүүд Япон улсаас автомашин импортлохдоо валютаар худалдан авалт хийдэг тул ханш өсөх төдийд үнээ нэмсэн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дунджаар таван сая төгрөгөөр нэмэгджээ. Харин одоогийн дахин өсөлт онцгой албан татвараас шууд хамаарах нь. Өмнө нь “hybrid” автомашин онцгой албан татвар төлдөггүй ч долларын ханшийн зөрүүгээс хамааран үнэ нь өсч байсан бол одоо татварын үнэ дээр нь нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар онцгой албан татвар хэдэн төгрөгөөр яаж нэмэгдэх нь тодорхой бус байна. Шийдвэр гарахаар нэмэгдэх учраас өмнө нь аль болох их машин оруулж ирэх хүсэлтэй байгаагааг ченжүүд хэлэв. Бид “Да хүрээ” захын автомашины ченж Н.Будаас зарим зүйлийг тодруулав.
Н.БУД: АВТОМАШИНЫ ҮНЭ ВАЛЮТ ӨСӨХ ТООЛОНД АВТОМАТААР НЭМЭГДДЭГ
Энэ жил автомашины борлуулалт хэр байна вэ?
-Муу байна. Өнгөрсөн жил энэ үед хүмүүс сайн худалдаж авч байсан. Энэ үнийн өсөлт валютын савалгаа их нөлөөлж байна. Худалдан авалт муу болохоор бидний эргэлт зогсонги байдалтай байна. Уг нь бид татвар нэмэхээс өмнө байгаа боломжиндоо хэдэн машин оруулж ирэх санаатай байгаа юм.
-Автомашины онцгой албан татвар нэмэгдвэл үнэ нь хэр зэрэг өсөх бол?
-Энэ байгаа үнээсээ бүр л их нэмэгдэнэ. Гэтэл иргэд энэ байгаа үнээр нь ч авч дийлэхгүй байна шүү дээ. Цаашид борлуулалт улам муудах байх гэдэгт их санаа зовж байна. Одоо бол үнэ нэмэгдсэн гэсэн яриа хэдийнэ тарсан учраас ирсэн хүн болгон аль болох бага үнээ хэлэхээр өмнө нь хэд байсан одоо хэд болсон талаар л байнга асууж байна.
-Өмнөх жилийнхээс автомашин үнэ дунджаар таван саяар нэмэгдсэн байна шүү дээ?
-Тийм. Өнгөрсөн жилээс эхлэн үнэ эрчимтэй нэмэгдсэн. Одоогийн байдлаар ч гэсэн доод тал нь 500 мянгаар өссөн байгаа. Энэ тоо бол бага тоо биш. Автомашины үнэ валют өсөх тоолонд л дагаад автоматаар нэмэгдээд байдаг. Хүмүүс харин биднийг нэмээд байна гээд байдаг. Энэ тийм биш юм. Бид чинь монгол мөнгөө доллар болгоод иенд шилжүүлээд Японоос орж ирж байгаа машиныг худалдан авдаг. Дээрээс нь гаалийн татвар, онцгой албан татвар, ачалтын хөлс нэг контеинер нь найман сая төгрөг болдог. Мөн буулгахдаа ачигч хөлслөөд 100-200 мянгыг хүн бүрт өгнө. Нэг контеинерт 4-5 машин багтдаг юм. Ингээд л орж ирнэ. Ингэхдээ үйлдвэрлэсэн он болон загвар, өнгө тольны гэрэлтэй гэрэлгүй, моторын багтаамж зэргээс хамааран үнэ болон татвараа харилцан өөр төлдөг. Тийм учраас машин бүр харилцан өөр өөр үнээр зарагддаг юм.