Оффшорын асуудал 2013 оноос л яригдаж байсан ч төдийлөн хүчээ авахгүй байсаар 2016 оны сонгуулийн өмнө олны анхаарлын төвд орсон. Үүнтэй холбоотойгоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Тэгвэл энэ хуулийг яаж ийгээд гаргахгүй байх, хуулийн нударга, төрийн илднээс амиа хоохойлж үлдэх атгаг санаархал ил далд цухалзаж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайн С.Бямбацогт "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрбээр "Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно.
Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүн дээр үндэслэж Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана.
Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа, данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина.Тодруулбал, 3 сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, эсхүл тухайн албан тушаалаас татгалзах зэрэг арга хэмжээг авч энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа.
Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах болно" гэдгийг хэллээ.
Түүнчлэн удахгүй болох Интерполын олон улсын форумд оролцох үеэрээ 50 орчим улсын Дотоод хэргийн сайд, болонИнтерполын удирдлагатай оффшорын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байгаа аж.