Monday, March 27, 2017

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Портертой таван залуу намайг хулгайлахыг завдсан


Өчигдөр орой 21:00 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан 21 настай эмэгтэйг нүүрс ачсан портертой үл таних таван залуу хүчээр машиндаа суулгахыг завдсан хэрэг гарсан байна. Бид хохирогч охинтой холбогдож тодруулсанаа хүргэж байна.
-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
-Би тэр хавьд байдаг “Алтан говь” PС-ний газарт хүнтэй уулзахаар тохирсон болохоор талбайгаас улаанхурангийн автобусанд суугаад 16-ийн хотын төв рүү явдаг талын буудал дээр буусан. Тэгээд тэндээсээ цайз тал руу алхсан. Тэр хавиар өмнө нь явж байгаагүй болохоор их эвгүй байсан. Тэгээд “Алтан говь” PC-ний газрын наана байдаг шатахуун түгээх станцын ойролцоо явж байтал хажуугаар гурван залуу шүгэлдээд өнгөрсөн. Ингээд удаагүй цаашаа явж байтал гэнэт миний ороолтыг хойшоо тэр чигт нь дараад ам таглаад хоёр залуу хоёр талаас сугавчлаад аваад явчихсан. Яг колонкийн цаана нэг портер байсан. Нүүрс ачсан портер байсан. Тухайн үед би юу болж байгааг ч ойлгохгүй айчихсан байсан болохоор юу ярьсны заримыг нь санахгүй байна. Ямар ч байсан “Аваад ирлээ, портертоо хийчих үү” гээд байсан. Миний амыг дарчихсан болохоор дуугарч болохгүй яанаа гээд байж байтал колонкийн тэр хавиас нэг ах гарч ирээд “Юу болоод байна аа” гээд орилоод хараад зогсоод байсан. Тэгтэл нөгөө залуучууд “Манай найз охин байгаа юм аа. Бид хэд жаахан хөгжилдөж байна” гэж хэлсэн. Мөрнөөс аймаар чанга барьчихсан, ам дарсан байсан болохоор тэр ахад сэжигтэй санагдсан байх л даа. Энэ үед би одоо зугтах ёстой юм байна гэж бодоод маш хурдан гүйсээр “Алтан говь” гэдэг газар луу орсон.
-Цагдаад мэдэгдээгүй юм уу?
-Мэдэгдээгүй. Тухайн үед зугтсан болохоор цагдаад мэдэгдье гэж санаанд ч буугаагүй.
-Ямар шатахуун түгээх станц байсан юм бэ?
-Ямар нэртэй колонк байсныг нь ч анзаараагүй. Тэр хавьд колонкийн гэрэлтүүлэг ч байдаг юм билээ. Ер нь харанхуйдуу газар байна билээ. Тэр гарч ирсэн ах түгээгч байсан эсэхийг ч мэдэхгүй. Тэр ахад маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.
-Хэд орчим насны залуучууд байсан бэ, царай зүсийг нь харж амжсан уу?
-Хар саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлаад өмссөн, юүдэнгийнхээ бүчийг чангалчихсан байсан болохоор царай зүс нь огт танигдаагүй. Ямар ч байсан ярианы өнгөнөөс харвал залуухан хүмүүс байсан. Намайг хоёр залуу чирээд портер дээр очиход тэнд гурван залуу байсан. Нийт тавуулаа байсан. Миний хажуугаар зөрөхдөө шүгэлдээд өнгөрсөн залуус мөн эсэхийг мэдэхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.