Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг нэг айлын дөрвөн хүүхэд хоолны хордлогоор өвчилж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг одоогоос 15 хоногийн өмнө гарсан билээ. Хүүхдүүд юунаас хордсон нь одоо хэр тодорхойгүй байна. Олны дунд “Үдийн цай”, дотуур байрны хоол эс бөгөөс өндөгнөөс хордсон зэрэг таамаглал хөвөрсөөр.
Иймд бид энэ асуудлыг нэхэн сурвалжлахаар Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон юм.
Өчигдөр 13:00 цагийн орчимд биднийг очиход тус сумын сургуулийн дотуур байрны гал тогоонд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийж байв. Байцаагчаас шалгалтын явцын талаар тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзаад гарч одсон юм. Энэ үед сургуулийн захирал А.Эрдэнэбатын өрөөнд хэрэг, явдалтай холбогдуулан шалгалтын комисс уулзалт хийж байлаа.
Бид сургуулийн захирал А.Эрдэнэбатад ирсэн зорилгоо хэлээд, сурагчид юунаас хордож, нэг нь эндсэн талаар тодруулахад “Хүүхдүүд үдийн цайнаас хордсон эсвэл сургуулийн дотуур байрны хоолноос хордсон гэдэг нь одоогоор тогтоогдоогүй. Үүнийг шинжилгээний хариу гарахаар мэдээлнэ. Хордсон хүүхдүүдийн тухайд дотуур байранд суудаг, нэг айлын дөрвөн хүүхэд. Тэднээс бусад сурагчдад хордлогын шинж тэмдэг илрээгүй” гэх тайлбар өгсөн юм.
Харин тус сургуулийн менежер Д.Оюунгэрэл “Сурагчид Үдийн цайнд хордсон тохиолдол өмнө нь манай сургуульд нэг ч удаа гарч байгаагүй. Манай сургууль зориулалтын гал тогоотой. Үдийн цай хөтөлбөрт 230 гаруй сурагч хамрагддаг. Бид тендерт ялсан компаниас гэрээний дагуу долоо хоног бүр шинэ хүнс хүлээн авч, гал тогоондоо бэлтгэн сурагчдадаа өгдөг” гэж байв.
Удирдлагуудын өгч буй мэдээллээр хүүхдүүд үдийн цайнд хордоогүй гэнэ. Тэгвэл өөр өөр ангид сурдаг ах дүү дөрөв чухам юунд хордов. Тэд сургуулийн дотуур байрны хоолонд хордов уу. Гэхдээ яагаад бусад сурагчид хордоогүй байхад зөвхөн ах дүү дөрөв л хордов гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байна. Энэ мэтээс харахад хүүхдүүдийн ойрын эх сурвалжийн өгүүлсэнчлэн тэд гаднаас ямар нэгэн зүйл авч идсэний улмаас хордсон байж мэдэх. Гэхдээ энэ ердөө таамаглал төдий...
Биднийг сурвалжлага бэлтгэх явцад нэгэн ноцтой мэдээлэл олдсон юм.
-Ах нь хордлогод орсон гурван дүүгээ дагуулж, ЭМНЭЛЭГТ ХАНДСАН Ч...-