Өнөөдөр дэлхий нийтийн анхдагч үнэт зүйл болсон хүний эрх гэдэг ойлголт Кимийн гэр бүл болон Солонгосын Ажилчдын намаар 70 жил удирдуулсан Хойд Солонгост үйлчлэхгүй.
Кимийн гэр бүлийн гурав дахь үеийн удирдагч залуу Ким Швейцарьт боловсрол эзэмшсэн нэгэн. Гэсэн ч түүнийг төрийн эрхэнд суусан таван жилийн хугацаанд Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудал огтхон ч сайжирсангүй.
Харин ч хүнийг олон нийтийн өмнө цаазлах, баривчлах, эрүүдэн шүүх, хүчээр хөдөлмөр эрхлүүлж олон нийтийг айдаст автуулах замаар атгандаа байлгасаар байна. Түүнээс гадна хойд солонгосчуудыг оргохоос сэргийлэн аялал жуулчлалын хоригийг чангатгаж, харуул хамгаалалт, байнгын мөрдлөг шалгалтаа чангатгажээ.
2014 онд НҮБ-ын Судалгааны комиссын гаргасан тайланд, Хойд Солонгост хүний эрхийг зохион байгуулалттайгаар өргөн хүрээнд зөрчиж, аллага, боолчлол, эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл, хүчээр үр хөндүүлэх зэрэг гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн талаар бичсэн байна.
Гадаад ертөнцөөс тусгаарлагдмал тус улсад хүний үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах, шашин шүтэх зэрэг хүний суурь эрхийг хатуу хориглоно. Түүнээс гадна улс төр, иргэний нийгмийн бие даасан байгууллага, хараат бус хэвлэл мэдээлэл, чөлөөт худалдааны эвсэл гэдэг ойлголт тус улсад байхгүй.
Хойд Солонгост хүнийг төр, бурхан шиг удирдагчдаа хэр үнэнчээс хамааран “үнэнч”, “эргэлзээтэй”, “дайсан” гэсэн гурван бүлэгт ангилж үзнэ. Хэрвээ хүн нэг л буруу гишгэвэл өөрөө төдийгүй гэр бүлээрээ улс төрийн гэмт хэрэгтэн болж, ажил эрхлэх, оршин суух, боловсрол олж авах эрхээ хасуулах аюултай. Харин төр засагтаа үнэнч байвал давуу эрх олж, бусдыг захирах боломжтой болно.
Үүний хажуугаар ард иргэд худалдаа эрхлэх, улс дотроо болон гадагшаа аялах зөвшөөрөл авын тулд албаны хүмүүсийг хахуульдах хэрэгтэй бөгөөд тус улсад авлигын сүлжээ дэлгэрсэн талаар НҮБ бичсэн байна.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хойд Солонгосын дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд төрөөс шууд хамааралтай. Харин тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадны сэтгүүлчид болон интернэт, олон улсын утасны дуудлагыг хатуу хянадаг байна.
Төрийн бус радио, сонин, ТВ нээвэл хатуу шийтгэл оногдуулна. Гадаадын мэдээлэл, кино, телевизийн драм зэргийг агуулсан гар утас, мемори карт, USB-тэй байгаад баригдвал шийтгүүлнэ.
ХИЛИЙГ ЧАНГАТГАХ
Ард иргэд нь Хятадын хилээр дамжин оргох нь ихэссэн тул хилийн хяналтыг чангатгаж, өргөст тортой хашаа барихыг Ким Жон Ун 2016 онд тушаажээ. Энэ ажилд Хятад, Хойд Солонгос хамтран ажиллаж байна.
Уг нь Хятад улс 1951, 1967 оны Дүрвэгчдийн конвенцид нэгдсэн. Тус конвенцийн дагуу хил дамнан оргосон хойд солонгосчуудыг дүрвэгч гэж үзэн, хүний ёсоор хандах ёстой байтал барьсан хүмүүсээ үг өчиггүй нутаг руу нь буцаадаг байна. Тэдгээр оргосон хүмүүсийг нутагт нь маш хатуу ял шийтгэл хүлээж байгаа.
Тиймээс Хятад руу дүрвэсэн хойд солонгос эмэгтэйчүүд цагдаад баригдахгүйн тул хятад эртэй гэрлэх эсвэл хүчээр биеэ үнэлэх ёстой болдог. Хойд солонгос эмэгтэйгээс төрсөн хүүхдийг хууль ёсоор бүртгүүлэх боломжгүй тул боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж чаддаггүй байна.
Гэсэн ч тэд Хятадад хэчнээн удаан амьдарсан бай хамаагүй хэзээд баригдах эрсдэлтэй тул байнгын айдас түгшүүр, бусдын дарамтан дор амьдардаг байна.
Хятадаас баригдаад буцаагдсан хүмүүс байцаалт, эрүү шүүлтэд орж, бэлгийн хүчирхийлэлд өртөн хүчээр хөдөлмөр эрхлэх ёстой болдог талаар Хойд Солонгосоос оргосон нэгэн хамгаалалтын ажилтан “Human Rights Watch” байгууллагад ярьжээ.
Харин өмнөд солонгосчуудтай холбоо тогтоосон хүмүүсийг шууд төрийн дайсан гэж үзэн улс төрийн хорих лагерь руу илгээдэг байна.
ХОРИХ ЛАГЕРЬ
Төрийн дайсан буюу засгийн газрын тогтоосон дүрэм журмыг зөрчсөн хүмүүсийг хорих лагерьт хорьдог. Хүний эрхийн байгууллагуудын гаргасан судалгаагаар ойролцоо 80-120 мянган хүн зургаан том лагерьт хоригдож байгаагийн дотор хүүхдүүд ч бий.
Тэдгээр хорих лагерьт хоригдлууд бэлгийн хүчирхийлэл, зодуур, тамлал, эрүүдэн шүүлт амсахаас гадна аюултай, үхэлд ч хүргэж болзошгүй нөхцөлд ажиллах ёстой.
Хоригдлуудыг ихэвчлэн мод бэлтгэл, уурхай, тариалангийн талбайд ажиллуулдаг байна.
Лагерьт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дулаан хувцас, хангалттай хоол хэзээ ч байгаагүй бөгөөд хоригдлууд жижигхэн торонд атиралдан унтдаг талаар гэрчүүд өгүүлдэг. Хоригдлууд хүнс тэжээлийн дутагдлын улмаас эцэж турахаас гадна өлсгөлөнгөөс болж нас барах нь их байдаг аж.
Доорх зургийг улс төрийн хорих лагерьт долоон жил хоригдсон Квон Хё Жин зурсан юм. Тэрбээр Хятад руу нууцаар хүн оргуулсан хэрэгт буруутгагдан хоригдож, 2008 онд шоронгоос суллагдсаныхаа дараа Хойд Солонгосоос оргосон байна.
Квон Хё Жин нь уран зураг, керамик урлал, каллиграф бүтээдэг уран бүтээлч. Чонгори хорих лагерьт хүмүүсийг хэрхэн тамлаж, эрүүдэн шүүж, тарчилган зовоодог талаар харуулсан түүний зургууд дэлхий нийтийг цочирдуулсан юм.
Түүнээс гадна Хятадад хууль бусаар бараа худалдах, худалдан авах, хүмүүсийг нууцаар хил давуулах, дүрэм журмыг мөрдөхгүй байх, Өмнөд Солонгосын кино үзэж, зарж байгаад баригдсан хүмүүсийг засан хүмүүжүүлэх төвд хорьдог. Тэнд хоригдлуудыг мөн хүчээр ажиллуулах бөгөөд харгалзагч хоригдлуудыг өлсгөж, тарчлаадаг байна.
ХҮЧЭЭР ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХ
Засгийн газар ард түмнээ хяналтандаа байлгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд энгийн иргэдээр тогтмол хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг байна.
Тухайлбал, газар хагалах, тариа тарих, ургац хураах үед оюутнуудыг жил бүр нэгээс хоёр сар тариалангийн талбайд цалингүй ажиллахыг шаарддаг талаар Хойд Солонгосоос оргосон нэгэн оюутан “Human Rights Watch”-д ярьжээ.
Түүнчлэн сургуулиуд засгийн газарт төлөх татаасаа цуглуулах, сургуулийн зардлыг нөхөх, ашиг олохын тулд 10-16 насны сурагчдыг өдөр бүр хүчээр ажиллуулдаг талаар нэгэн багш өгүүлсэн байна.
Солонгосын Ажилчдын нам 36 жилийн дараа долоодугаар их хурлаа өнгөрсөн оны тавдугаар сарын 6-10-нд хийсэн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахын тулд илүү их тариа ногоо хурааж, бүтээгдэхүүн бэлтгэхийг засгийн газраас ард иргэддээ тулгасан байна. Энэхүү хөдөлгөөнийг “70 өдрийн тулаан” гэж нэрлэжээ.
Хойд Солонгост гэр бүл бүрийн нэг гишүүн долоо хоногийн зургаан өдөр, өдөрт дор хоёр цагаар захиргааны барилга, нийтийн цэцэрлэгт хүрээлэн, замыг арчлах, засах, угааж цэвэрлэх ажилд оролцох ёстой.
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ
Хойд Солонгос бол Олон улсын хөдөлмөрийн байгуулагад элсээгүй цөөхөн орны нэг юм. Тус улсад ажилчид холбоо, үйлдвэрчний эвлэл байгуулах, цалин хөлсөө тохирох эрхгүй.
Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш тус улс далайн чанадад ажиллах хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн. Хэдийгээр албан ёсны тоон мэдээлэл дэлгэдэггүй ч 2015 онд гэхэд 100 мянган ажилчныг гадаадад гаргасан гэж ажиглагчид тооцоолжээ.
Тэдгээр ажилчдын цалингийн тал хэсгийг засгийн газар нь хурааж авдаг гэдэг. Түүнчлэн ажил олгогчид Хойд Солонгосын ажилчдыг олон улсын хөдөлмөрийн стандартаар хангадаггүй бөгөөд хянагч байнгын хараандаа байлгадаг. Тэд гомдол мэдүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, гадаад оронтой танилцах, нүүх эрхгүй. Түүнээс гадна байнга уртасгасан цагаар ажиллах бөгөөд илүү цагаас ажиллахаас татгалзах боломжгүй.