Монголын Үндэсний музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнгээс энэ удаад Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, 2016 онд Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворыг үзэсгэлэнд дэлгэжээ.
Ховд аймгийн Мянгад сумын “Урд улаан үнээт” уулнаас олдсон дурсгалуудыг судлаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа аж. Уг дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворыг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Харин Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан. Энэхүү олдворыг судлаачид лабораторын судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоожээ. Дээрхи дурсгалуудыг мөн үзэсгэлэнд дэлгэсэн байв.
Их Британийн мэдээллийн Express, The Sun, Daily Star сайтаар 2016 оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон Хятан эмэгтэйн булшны тухай мэдээлэл цацагдаж, уг эмэгтэйн өмссөн гутал Адидас фирмийн спорт гуталтай адилхан харагдсан явдал олны анхаарлыг татаж байв. Тэгвэл олны анхаарлыг татаад буй уг шарилыг малтан илрүүлсэн “Ховд” их сургуулийн түүх нийгмийн ухааны тэнхимийн багш, нийгмийн хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн, доктор н.Мөнхбаяр “Үзүүр гялангийн дурсгалаас малтлаг хийж байх тухайн үед би уг шарилын гутал “Адидас” пүүзтэй адил юм байна гэдгийг анзаараагүй. Сүүлд нь дөрөвдүгээр сарын эхээр Ховд аймагт энэхүү үзэсгэлэнг нээх үед энэхүү олдворын тэр онцлогийг олж харсан. Энэ дурсгал нь нэлээд дуулиан дагуулсан. Дэлхийн нэгэн судалгааны байгууллагаас он цаг болон цаг хугацааны хувьд дахин давтагдашгүй дэлхийн 10 олдворын нэгээр тодруулсан байна билээ. Мөн Германы “Адидас” фирмийн зүгээс энэхүү олдворын гэрэл зургийг өөрийн сурталчилгаандаа ашигласан. Тиймээс уг байгууллага ч адидас пүүзтэй адил гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж бид ойлгосон. Цаашид энэ дурсгалыг аймаг орон нутагт нь аваачих саналтай байна. Ингэхэд төр засгийн байгууллагаас Ходв аймгийн музейд байрлуулах байр савны асуудлыг шийдэж өгөх боломжийг олгох байх гэж найдаж байна” хэмээв.
Олон нийтийн “Адидас” пүүзтэй эмэгтэй шарил гэж тодотгоод байгаа боловч ойроос харвал уг гутлын зураас нь үргэлж буюу гуттлын хоншоор дээгүүр тохсон, даавууны нэхмэл хээ байх ажээ. Харин “Адидас” фирмийн пүүз хажуу талдаа гурван ташуу зураастай байдаг. Тиймээс “Адидас пүүз биш. Тийм боломж ч байхгүй гэдгийг судлаачид хэлж байна.
Монголын үндэсний музейд Ховд аймгийн Мөнххайрхан, Мянгат сумын нутгаас олдсон хоёр хадны оршуулгын 90 гаруй үзмэрийг дэлгэсэн байна. Олон нийтийн “Адидас” пүүзтэй оршуулга гэж нэрлээд буй шарилд холбогдох 70 гаруй үзмэрийг байршуулжээ. Үзэсгэлэнг хоёр сарын турш олон нийтэд дэлгэн үзүүлэх аж.
Г.Тэгшсүрэн