Г.МАРАЛМААГ ХҮЧИНДСЭН ГЭХ ЦАГДАА АМИА ХОРЛОЖЭЭ
Дөрөвхөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Хоёр шатны шүүхээс түүнд ял оноож, харин охины төрсөн эцэг Т.Цогтыг цагаатгасан байдаг. Гэвч ял сонссон Г.Маралмаа гомдол гаргаснаар хэргийг дахин шалгаж, Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл цагдан хорих ангид хоригдож буй Г.Маралмаа гомдол гаргажээ. Ингэхдээ тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэмээн гомдолдоо дурдсан байна.
Тодруулбал, Г.Маралмаа "Хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэжээ. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна. Үүнийг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж.
Юутай ч гомдлын дагуу хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.
Гэхдээ хэргийн мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа Б амиа хорлосон байдалтай гэрээсээ олджээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач "Ингэж гүтгэгдэж амьдарч чадахгүй" гэх утгатай гэрээслэл бичиж амиа хорлосон гэлээ.
Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг шалгаж байгаа. Амиа хорлож нас барсан гэх асуудлыг ч мөн шалгаж байна" гэсэн юм.
Б.Чимэг
Эх сурвалж:zaluu.com , http://goomaral.net/chuluut-tsag/14164-mrlmaa-a