Friday, June 9, 2017

Тайландад эзэн хаанаа Фэйсбүүкээр доромжилсон эрд 35 жил хорих ял оноолоо



Тайландын эзэн хааны гэр бүлийг доромжилсон агуулгатай материал Фэйсбүүк сүлжээнд нийтэлсэн эрд өнөөдөр 35 жилийн хорих ял оноолоо.

Аюулгүй байдлын улмаас овгийг нь нууцалсан байгаа 34 настай Вичай нь 10 удаа хааны гэр бүлийг доромжилсон зураг, дүрсийг өөр өөр нэрээр оруулсан болохыг Бангкокийн цэргийн шүүх тогтоожээ.

Уг нь түүний үйлдэл бүрт долоон жилийн ял шүүхээс оноосон юм байна. Харин хэрэгтэн буруугаа хүлээсэн учраас 70 жилийн талыг буюу 35 жилийн ялыг эдлүүлэхээр шийджээ.

Өнөөдөр бас эзэн хааныг доромжилсон агуулгатай дуу бичлэгийг онлайн сүлжээнд оруулсныхаа төлөө нэгэн иргэн 2.5 жил хоригдох ял авсан байна. 2014 онд цэргийн дэглэм Тайландад тогтсоноос хойш эзэн хааны нэр төрийг хамгаалдаг хатуу хуулийн хэрэгжилт чангарч, нийтдээ 100 гаруй хүнд ийм шалтгаанаар ял оноогоод байгаа.

Эцгийгээ нас барсны дараа 2016 оны сүүлээр шинэ хаан Маха Важиралонгкорн титмийг залгамжилсан. Ажиглагчид эзэн хааны гэр бүлтэй холбоотой энэхүү хатуу хуульд залуу хаан яаж хандахыг анхааралтай хүлээж байгаа юм.

Тайландын энэхүү хуулийг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэгт тооцогдож болохыг НҮБ-ын хүний эрхийн байгууллага удаа дараа анхааруулж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.