Болсон явдлын талаар ээждээ хэлэхийг хүссэн ч айлын ахаас айгаад юу ч хэлж чадаагүй.
Би ээж, дүү хоёртойгоо гэр хороололд амьдардаг. Манай дүү 1-р ангид, харин би 4-р ангид сурдаг. Ээж маань хувийн байгууллагад ажилладаг болохоор өглөөнөөс оройн 10 цаг хүртэл ажилладаг. Долоо хоногт ганцхан өдөр л амардаг.Ээж ихэнхдээ гэртээ байдаггүй болохоор би дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, тарахаар нь авна, орой гэрийн даалгаврыг нь хийлгэнэ. Мэдээж би өөрөө хичээлдээ явна. Бас гэрийн бүх ажлаа хийнэ. Гэрээ цэвэрлэнэ, галаа түлнэ, хоолоо хийнэ гээд миний ажил дуусахгүй их. Дүү маань сургуульд ороод гэрийн ажилд тусалдаг болсонд би их баяртай байгаа.
Зун болж дүү бид хоёрын хичээл амарлаа. Өдөржин гэртээ хоёулахнаа байдаг бид хоёрт ээж маань их санаа зовдог байсан болохоор хашаандаа айл буулгахаар шийдсэн юм.
Ингээд нэг өдөр 30 орчим насны ах, эгч хоёр ирж манай хашаанд гэрээ барьлаа. Айлын эгч өдөртөө ажилдаа явж, орой ирнэ. Харин айлын ах бид 3 хашаандаа үлддэг байв. Тэр ах их сайн хүн шиг санагддаг байсан. Бид хоёрт дандаа туслана. Ус авч өгнө, заримдаа гэртээ хоол хийчихээд дүү бид хоёрыг дуудна. Ингээд бид 2 яг л хоёр гэртэй юм шиг байнга л тэднийхээр орж, гардаг болсон юм.
Тэр өдөр дүүтэйгээ гэртээ тоглож байтал айлын ах намайг дуудаад ”Манайд ороод ир” гэлээ. Урьдын адил гэрт нь гүйн ороход хаалгаа түгжээд, намайг орон дээрээ суулгасан. Миний өмдийг хүчээр тайлж, “Хэнд ч хэлж болохгүй шүү!” гээд намайг маш их өвтгөсөн. Би айлын ахаас зөндөө их гуйж, “БОЛИОЧЭЭ!!!” гэж хоолойгоо сөөтөл хашгирсан ч намайг огтхон ч сонсоогүй.
Болсон явдлын талаар ээждээ хэлэхийг хүссэн ч айлын ахаас айгаад юу ч хэлж чадаагүй. Харин хэд хоногийн дараа миний дотуур хувцасыг угааж байхдаа ээж бүх зүйлийг олж мэдсэн юм.
Тэр аймшигт явдлаас хойш ээж минь миний төлөө бүхнийг хийж, айлын ах “шорон”-д орсон. Одоо ч гэсэн надаас нуугдан чимээгүйхэн уйлах ээжийгээ хараад өөрийн эрхгүй дагаж уйлдаг ч сэтгэл нь улам эмзэглэх байх гээд мэдэгдэхийг хүсдэггүй.