Thursday, March 30, 2017

ГААЛЬ ДЭЭР ХУРААГДСАН МАШИНУУДЫГ 700 МЯНГААС ЭХЭЛЖ ДУУДНА


Гаалийн ерөнхий газраас хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашинуудыг дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдсэн билээ. Олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулагдах дуудлага худалдаа ирэх сарын 13-ны өдрийн 09:00 цагт Татварын ерөнхий газрын хурлын зааланд эхлэх юм.
Энэ үеэр Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдсан, 1995-2011 оны хооронд үйлдвэрлэгдсэн, 55 сая төгрөгийн өртөг бүхий нийт 19 автомашин дуудлагаар худалдаалагдах ажээ. Эдгээр автомашинуудын үнийг МХЕГ-аас тогтоож өгдөг байна. Дуудлагаар худалдагдах автомашинуудаас хамгийн хямд нь “Volkswagen Polo” 1.098.685, 2000 онд үйлдвэрлэгдсэн “Citroen Saxo” 647.857 төгрөгөөр дуудагдах бол хамгийн үнэтэй нь 2000 онд үйлдвэрлэгдсэн “Mercedes Benz” 9 сая, “Dacia Duster” 5.822.485 төгрөгөөр дуудагдахаар зарлагдсан байна. Энэ сарын 30-ны өдрийн 13:30-16:00 цагийн хооронд дуудлага худалдаанд оролцох автошинуудыг иргэдэд нээлттэй байдлаар үзүүлэх боломжтой аж. Автомашинуудыг үзэхийг хүссэн иргэд Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Нуурын 7-12 тоотод очиж сонирхож болно гэсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгөв. Иргэд дуудлага худалдаанд оролцохын тулд иргэний үнэмлэхийн хуулбартайгаа ирэхээс гадна 5000 төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх юм. Автомшинуудыг зах зээлийн үнээс доогуур борлуулах гэж буй шалтгааныг иргэдийн зүгээс “Зарим эд ангиудыг салган авсан” гэх таамаг дэвшүүлж байна.
ХУДАЛДАЖ АВАХЫГ ХҮССЭН МАШИНАА ГАЗАР ДЭЭР НЬ ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ
Энэ талаар Гаалийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Автомашинууд тоногдсон, зарим эд ангиудыг нь салган авсан эсэхийг иргэд шууд үзээд шалгах боломжтой. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Дуудлага худалдаагаар автомашин авсан иргэдийн хувьд долоо хоногийн дотор мөнгөө холбогдох дансанд байршуулах шаардлагатай ажээ. Гэхдээ худалдан авах автомашиныхаа 10 хувийг бүртгүүлэхдээ төлөх юм байна. Үлдсэн мөнгөө долоо хоногийн дотор Гаалийн ерөнхий газарт бүрэн төлөх ёстой. Дуудлага худалдааны үеэр мөнгөө бэлнээр төлсөн иргэдийн худалдан авсан автомашины бичиг баримт хурдан гарна гэдгийг Гаалийн ерөнхий газраас тодотгож байна. Тус газраас дуудлага худалдааны үеэр зарагдсан автомашинуудын эздэд Нийслэлийн тээврийн газар руу тодорхойлолт хийж өгснөөр бичиг баримтаа гаргуулж авах аж. Дуудлага худалдаанд орох автомашинуудын үнийг дараахь хүснэгтээс харна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.