Ерөнхий сайдыг 1000 гаруй сурагч нойтон цасанд 4 цаг хүлээжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 22-ноос баруун аймгуудад ажиллаж эхэлсэн билээ. Түүний айлчлал Баян-Өлгий аймгаас эхлэх байсан ч, тус аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсны улмаас онгоц газардах боломжгүй болсон байдаг. Иймээс чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газардсан юм. Тэгвэл энэ үед Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагчид нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээжээ. Энэ сарын 15-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд орон нутагт томилолтоор ажиллаж буй албан тушаалтныг эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаатай холбоотойгоор угтаж, үдэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасан. Гэсэн ч, түүний шийдвэрийг аймгийн удирдлагууд биелүүлэлгүй салаа цэрэг, шилэн трико, нимгэн цамцтай сургуулийн сурагчдыг гадаа хүйтэнд жагсааж, угтан авах үйл ажиллагаагаа зохион байгуулсаар байна.