Thursday, April 6, 2017

Б.Чойжилсүрэн: Хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх


Яг одоо Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсөн бөгөөд өнөөдрийн чуулганаар нэг л асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Мөн тэрбээр төсөв хэлэлцэхийн тулд Засгийн газрын бүх гишүүд байх ёстойг анхааруулж, гишүүдийг оруулав.
Энэ үеэр иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулахаар болсон талаар асуулт хариулт өрнөлөө. Уг нь энэ татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авахаар болоод байсан ч Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар ийнхүү хугацааг нь наашлуулсан юм.
Энэ талаар Б.Энх-Амгалан гишүүн “Энэ татварыг ноогдуулснаар иргэд хадгаламжаа татаж, үл хөдлөх хөрөнгө болговол төлөвлөсөн төсөв тасрах аюултай байна” гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Ийм эрсдэл гарч болно. Гэхдээ энэ талаар Монголбанк болон Сангийн яамнаас мэргэжилтнүүд гарч ярилцсан. Банкнаас мөнгөө татвал бодит салбар рүү хөрөнгө оруулах байх гэж тооцоолсон.
Нэг жилд хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байх. Хадгаламжийн 15 хувийн хүү байгаа. Энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй гэж бодож байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээр амаргүй байсан. ОУВС-гаас анх 35 шаардлага тавьсан. Хэлэлцээний явцад тус шаардлагыг бид 50 гаруй хувиар буюу 16 болгон бууруулж чадсан. Татварыг тооцохдоо хүн амын дундаж болон түүнээс доош давхаргын амьжиргаанд нөлөөлөхгүй байх бодлого баримталсан” хэмээн хариуллаа.
Дашрамд дурдахад, энэ төрлийн татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авна.  Өөрөөр хэлбэл, та 5 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 750 мянган төгрөгийн орлого олдог бол үүнийхээ 10 хувийг буюу 75 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.