Thursday, April 6, 2017

Н.Номтойбаяр: Худал хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл


Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл хийлээ. Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянган орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа аж. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшинг тогтоож халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгааг Н.Номтойбаяр сайд хэллээ. Судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж хамрагдах боломжтой юм байна.
Тэрбээр "Зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл өрхүүд халамж авч байгаа нь ажиглагдсан. Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав ба түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн хадгаламжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл” гэв.
Түүнчлэн “Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа ингэж бууруулж илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэсэн үг” гэлээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.