Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын эсрэг баримтлах бодлогоо Сенатад өргөн барьжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод 100 өдөр болжээ. Тэрбээр энэ хугацаанд олныг гайхшруулсан олон хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд өнөөг хүртэл ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна. Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон өдрөөс л Солонгосын хойг дахь зөрчилдөөн улам нэмэгдсэн гэхэд болно. АНУ-ыг мөнхийн дайснаараа нэрлэсэн Хойд Солонгос улс өнгөрсөн хугацаанд баллистик пуужин харвахаас гадна цэргийн сургуулилт хийх зэргээр Трампийн дургүйцлийг хүргэсээр байгаа юм.
Хойд Солонгосын цөмийн хүчин чадлыг царцаах ажилд Азийн тэргүүлэгч орнуудыг оролцоотой байхыг Трамп анхааруулж, “БНХАУ-ын эрх баригчид бидэнтэй хамтрахгүй бол АНУ, бие даан Хойд Солонгост цохилт өгнө” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараахан тэрбээр нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны хөлгүүдээ Солонгосын хойг руу илгээсэн юм. Эдгээр хөлгүүд Солонгосын хойгт хүрсэн өдөр Хойд Солонгос ямар ч сануулга өгөхгүйгээр цохилт өгөхөө Вашингтоны тэргүүнд сануулсан удаатай.
“Карл Винсон” тэргүүтэй хөлгүүд Солонгосын хойг бус Японы тэнгист үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байгаа билээ. Тус хөлөг зорьсон газраа очоогүй ч уг хөлгөөс илүү гэгддэг Тэнгисийн цэргийн “Мичиган” цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Бусан хотын эрэгт өчигдөр ирсэн байна.
“Мичиган хөлөг Хойд Солонгосоос ирэх заналхийллийг таслан зогсооно” хэмээн Цагаан ордон мэдээлжээ. Трамп өчигдөр Өмнөд Солонгосын хил дээр байрших пуужин эсэргүүцэгч “Тхаад” төхөөрөмжийг угсрах ажлыг албан ёсоор эхлүүлэхийг албаныханд даалгасан юм. Энэхүү үйл явдлаас хэдхэн цагийн дараа Калифорни муж дахь баазаас тус улс тив хоорондын баллистик пуужинг цэнэгт хошуугүйгээр туршсан аж. “Пуужин харвасан нь Хойд Солонгосыг өдөөн турхирсан үйлдэл биш” гэдгийг АНУ-ын Цэргийн командлагч мэдэгдсэн билээ.
Хойд Солонгос улсын арми үүссэний 85 жилийн ой энэ сарын 25-нд тохиосон. Энэ өдөр хойдууд “Вонсан” суурингаас их буугаар галлаж, цэргийн сургуулилт хийжээ. Уг цэргийн ажиллагааг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан нь Трампийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Хойд Солонгос 300-400 удаа их буугаар галласан” гэж мэдэгджээ.
Трамп өчигдөр Хойд Солонгосын эсрэг баримтлах бодлогоо Сенатад өргөн барьсан аж. Шинэ бодлого нь тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо улам чангаруулах тухай өгүүлжээ. Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг цөмийн туршилт хийсний хариуд тусламжаа зогсоож, гадаад дахь бүх дансыг нь царцааж, нөлөө бүхий эрхмүүдийг нь хар дансандаа багтаасан юм.
Трамп “Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж буй хоригоос хэд хэдэн хатуу хоригийг тус улсын эсрэг хэрэгжүүлнэ” гэжээ. АНУ-ын зүгээс тус улсад үзүүлдэг хүнс, хувцас, эд хэрэглэл, түүхий эдийн нийлүүлэлт, худалдан авалтыг зогсоож, хойдтой харилцдаг орнуудыг холбоогоо таслахыг уриалсан.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг алсаас санхүүжүүлдэг улс, хувь хүн, байгууллагыг Трамп хар дансандаа багтаахаар тусгаж байна. Эрхэм Ерөнхийлөгч энэ долоо хоногийн эхээр Сенатын гишүүдийг Цагаан ордондоо урьсан юм. Тэрбээр ямар нэгэн зөрчилдөөнгүйгээр Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэх саналыг гишүүдэд тавьжээ. Гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчөө тун болгоомжтой хөдлөхийг анхааруулсан аж. “Хэрвээ алдаа гарвал хэзээ дуусах нь тодорхойгүй дайны гал дүрвэлзэх эрсдэлтэй” гэдэг болгоомжлол тэдэн байгаа юм.