-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАРААРААЛ ЗӨРЧСӨН БОЛ ТОРГУУЛЖ, СААТУУЛАГДАНА-
Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хийсэн үйл явц олны анхаарлын төвд байв. Хууль батлагдсанаар ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Уг нь өмнөх парламентын үед батлагдсан Эрүү болон Зөрчлийн тухай хууль 2016.09.01-ний эхлэн өдрөөс хэрэгжихээр байсан. Гэвч эрх баригч намаас хэрэгжиж хугацааг нь хойшлуулах замаар дахин шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэн, Эрүүгийн хуулийг намрын чуулганаар батлуулсан билээ.
Харин Зөрчлийн хуулийн тухайд 200 гаруй хуулийн хариуцлагын хэсгийг нэгтгэж байгаа учир хэлэлцүүлэг нь нэлээд өргөн хүрээнд өрнөх шаардлагатай тулгарч байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн шүүмжлэлийг хүлээж байгаа гол асуудал нь,зөрчлийн заалтууд дээр хэт олон баривчлах, торгох шийтгэл зоож өгсөн явдал. УИХ дахь АН-ын бүлэг зөрчлийн хуулиар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авч, Д.Эрдэнэбат “Энэ бол бага эрүүгийн хууль болчихоод байна. Төсвийн цоорхойгоо торгуулиар нөхөхийг оролдлоо” гэж эрх намыг шүүмжлилсэн ч тусыг эс олов.
Д.Гарамжав гишүүн Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтад 10-100 сая төгрөгийн торгууль ногдуулах горимын санал гаргаж, байнгын хороогоор дэмжлэг хүлээсэн нь хэвлэлийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нь анхны хэлэлцүүлгийн онцлох үйл явцын нэг байлаа. Уг асуудлаас үүдэж, МАН-ын Удирдах зөвлөл хүртэл хуралдахад хүрсэн юм. Хурлаас Ц.Гарамжав гишүүнд саналаа татах чиглэл өгснөөр гүтгэх заалт Зөрчлийн тухай хуулинд 2-20 сая төгрөгийн торгууль ногдуулах өмнөх заалт хэвээр үлдэв. Үүний маргааш нь МАН-ын бүлэг дахин ээлжит бусаар хуралдахдаа Зөрчлийн тухай хуулийн зарим баривчлах заалтыг зөөлрүүлэх асуудлыг ярилцсан ч гишүүдийн олонхи хэвээр үлдээхээр санал нэгджээ.
Ингэснээр баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн бол, түүнчлэн үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тусгаж өгсөн заалтууд гишүүдийн дэмжлэгийг хүлээв.
Өөрөөр хэлбэл, үйлчилгээний газар жагсаал ахиулан, биеэ хэт түрэмгий байдлаар авч явсан бол торгуулах, улмаар саатуулагдах хууль эрхзүйн орчин үүсэхээр болж байна. Үйлчилгээний дараалал бол манайд хаа сайгүй маргаан дэгдээдэг асуудлуудын нэг. Төсөлд зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ хэмээн тодорхойлжээ. Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж, баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтоохоор тусгах саналыг оруулаад байгаа юм.
-ТОРГОЖ, БАРИВЧЛАХ ОЛОН ЗААЛТУУДЫН АРД ЮУ
АСУУДАЛ БАЙЖ БОЛОХ БЭ-
АСУУДАЛ БАЙЖ БОЛОХ БЭ-
Энэ асуултад “Төсвийн цоорхойг нөхөх” гэсэн сөрөг хүчний хардсан хариулт бий. Чуулган, байнгын хорооны хуралдааны явцад С.Бямбацогт сайд хуулийнхаа гаргалгааг нэлээд зөөлрүүлэн тайлбарлаж буй. Энэ нь ч харьцангуй гал намжааж байгаа гэж дүгнэж болохоор. Гэтэл ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын “Саатуулах ёстой, торгох ёстой” гэсэн яг таг хариултууд эрх баригч намын гишүүдийн бухимдлыг хүртэл төрүүлээд буй. МАН-ын хөгшин бурхи Ц.Нямдорж түүнд хандаж, “Хуулийн байгууллагын нэр хүндийг хувийн сургууль төгссөн бацаан унагаж байна” гэсэн нь ч санаандгүй үг биш бололтой.
Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг намрын чуулганы хугацаанд амралтын өдөр Их тэнгэрийн аманд хүртэл хуралдаж байв. Ерөнхийдөө нэлээд ажил хэрэгчээр хандаж, заалт бүр дээр нухацтай ажилласан гэгдэж байгаа ч эргээд амьдралтай нийцэхгүй, залуу хүмүүсийн хийсэргэн ухаанаар хандаж байгаа гэдгийг намынхан нь хүртэл тодотгож байгаа юм.
Тэрээр “Энэ хууль батлагдсанаар хорих ял эдэлж байгаа нийт хоригдлуудын гуравны нэг нь суллагдана. Үлдсэн гуравны хоёрт ял тэгшитгэх асуудал яригдана. Үүнийг сэтгэл хөөрлөөр шийдэж болохгүй. Ийм зүйлд хөндлөнгийн санал гаргаад унагах нь буруу шүү дээ. Үүнээс гадна гуравхан сарын өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Хуульд баривчлах шийтгэлтэй байхаар заасан. Гэтэл гуравхан сарын дараа баривчлах шийтгэл байх ёсгүй хэмээн ярьж байгаа нь хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл” хэмээн бусад гишүүдийг шүүмжилсэн юм.
Мэдээж, Зөрчлийн тухай хууль төсвийн тухай хууль биш. Тиймээс энэ онд зөрчлийн улмаас саатуулагдсан иргэдээс төдий хэмжээний мөнгө төсөвт төвлөрүүлнэ гэж шууд заах боломжгүй. Гэхдээ өмнөх парламентын үед Нийслэл хэт их торгууль тавьж, орлогын бүрдүүлэлт хийлээ гэсэн шүүжлэл хүлээдэг байсан. Ерөнхийдөө дэг журмын хүрээнд байсан уг торгуулийн төвлөрүүлэлт зөрчлийн хуулиар илүү өргөн хүрээнд яригдахаар болж буйг онцлууштай. Түүнчлэн баривчлах заалтуудад шаардагдах саатуулах байрны асуудал ч энд анхаарал татаж байна.
Ж.МЯДАГБАДАМ