Saturday, April 1, 2017

Э.Бат-Үүл өөрийгөө хамгийн их гүтгэгдэж, зовсон хүн гэв


Э.Бат-Үүл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчинг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчинг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо.” хэмээн ярьжээ. Түүний хувьд уг хэрэгт холбоотойгоор шалгагдаж байсан байдаг. Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ “Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.” гэж хэлж байсан.
Тэгвэл өдгөө Э.Бат-Үүл хэлэхдээ “Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан. С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн. Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон. Би зориуд хэлж байгаа.  Одоо бол хохино шүү. Намайг гүжирдсэн бүхнийг би олно шүү. Чи комментын ард нуугдаад ч нэмэргүй. Заавал олно. Заавал хуулийн байгууллагад өгнө  гэдгийг хэлж байгаа. 18 жил хангалттай гүтгүүлсэн. Одоо болсон. Шүүх, прокуроруудын хэлж буйгаар алуурчид нь олдчихсон. Тиймээс захиалагч нь олдож л таарна шүү дээ. Би тэр шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ дотроо бол шүүх хурлыг нь болж өгвөл ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүсэж байсан. Магадгүй тэр хууль энэ тэрд нь шалтгаан байгаа л байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хаалттай хийсэн байлаа ч энэ хэрэг цаг хугацааны эрхээр нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, захиалагч нь олдоод ирэхээр бүх зүйл нээлттэй болно гэдэгт би эргэлзэхгүй байна”  хэмээн ярьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.