АНУ цөмийн хөдөлгүүрт USS Michigan шумбагч онгоц болон нисэх онгоц тээвэрлэгч Carl Vinson хөлгийг Солонгосын хойгт байрлуулсны дараа Хойд Солонгос шумбагч хөлгийг сөнөөнө гэж мэдэгдлээ. Тэд АНУ-ыг цэргийн хүчээр сүрдүүлж байна гэж буруутгажээ.
“USS Michigan хөлөг өчүүхэн төдий хөдөлгөөн хийх төдийд дахин хэзээ ч газрын гадаргууд гарч ирэх боломжгүйгээр далайн гүн дэх хий үзэгдэл болох золгүй хувь тавилан хүлээж байна” гэж умардын суртал ухуулгын Уриминзоккири гэх цахим хуудсанд мэдэгдэл нийтлэгджээ. Мөн тэд “Нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн хөдөлгүүрт шумбагч аль нь байхаас үл хамаарч цөмийн зэвсгээр хамгаалагдсан агуу их цэргийн хүчнийхээ өмнө төмрийн хэлтэрхий болгож хаяна” гэсэн байна.
Залуурт пуужин харвагч USS Michigan шумбагч нь дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөд Солонгосын Пусан хойгт очсон юм. Улмаар дөрөв хоногийн дараа тэнгисийн усанд гарч байрлажээ. Мөн АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээвэрч USS Carl Vinson хөлөг Солонгосын хойгт байрлаад байгаа юм.
Хойд Солонгос бямба гаригт пуужингийн туршилт хийсэн нь амжилтгүй болсны дараа тус улсын удирдагчид дээрх заналхийлсэн мэдэгдэл гаргасан байна. Өчигдөр өглөө /2017.04.29/ Хойд Солонгос баллистик пуужин харвасан боловч хөөрөөд 71 км орчим зайд дэлбэрсэн гэж Өмнөд Солонгосын цэргийн хүчин мэдэгдсэн юм.