Дүрвэгч охид реалити шоуны од болжээ
Жу Чаньян Хойд Солонгосоос зугтахын тулд үйлдвэрийн ажилчдад оймс, тамхи худалдаж мөнгө цуглуулжээ. Дараа нь тэр гянданд хоригдох, бүр цаазын тавцанд гарч ч мэдэх эрсдэл үүрч, Хятадын нутгаар 3000 гаруй км явган туулж, Өмнөд Солонгост эсэн мэнд хүрсэн байна.
Харин одоо Жу бүсгүй Өмнөд Солонгосын реалити шоуны од болжээ. Гудамжинд түүнийг фенүүд нь тосон авч, сошиал сүлжээнд хэдэн зуун мянган дагагчтай болсон байна.
“Чамтай уулзахаар яарч явна” нэртэй телевизийн реалити шоунд Хойд Солонгосоос зугтан гарсан 15 охин оролцдог бөгөөд тэд Өмнөд Солонгост ирэхээс өмнөх амьдралынхаа талаар ярилцдаг гэнэ. Ким Чен Уны чанга дэглэм, олон нийтийн өмнө хүлээлгэх гэсгээл, цаазын гүйцэтгэл, архидалт, гоо сайхны бүтээгдэхүүн ч хэрэглэж чаддаггүй байсан гээд олон зүйлсийн талаар ярьдаг аж. Одоо тэд бүгд олны танил болцгоожээ.
Реалити шоуны гол дүрүүдийн нэг Жу бүсгүй 2012 оноос хойш 100 гаруй дугаарт оролцсон байна. Гэхдээ тэр өөрийгөө алдартай, од гэж боддоггүй. “Би өөрийгөө од гэж боддоггүй. Би царайлаг биш, бас авьяаслаг ч биш. Бусдыг хөгжөөж баясгах хангалттай авьяастай хүн биш. Харин энэ шоугаар дамжуулж Өмнөд Солонгосын хүмүүс умардын ард түмний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг болж байна. Орчин үеийн залуучууд Хойд Солонгос бол гадаад улс гэж боддог. Гэтэл бид чинь ижилхэн хүмүүс, нэг ард түмэн гэж би бат итгэдэг” гэж Жу ярьжээ.
Түүний адилаар реалити шоуны оролцогч болсон өөр нэг бүсгүйг Ара Ким гэдэг. Тэр одоо Өмнөд Солонгосын урлагийн коллежид суралцдаг аж. Мөн Хан Сёо-хи. Тэрбээр Ким Чен Уны эцэг Ким Ир Сенд зориулсан элит түвшний нууцлаг хөгжмийн хамтлагийн гишүүн байсан гэнэ.
Шоуны нэг дугаарын үеэр оролцогч Минву Хойд Солонгост архи маш үнэтэй учраас хоолны үеэр хундагатай архиа ууж дуусгах нь бүдүүлэгт тооцогддог тухай ярьж байв. Мөн өөр нэгэн оролцогч Сү Рей-он оршуулгын мөнгөгүй байсан учраас ээжийнхээ шарилыг хөнжилд ороогоод ахтайгаа хамт ууланд аваачиж байсан тухайгаа өгүүлжээ.
1990-ээд оноос хойш Хойд Солонгосын 23 мянга гаруй иргэн өмнөд рүү дүрвэсэн гэх тоо баримт байдаг. Тэднийг нийгэмшүүлж, амьжиргаа залгуулах ажилд зуучлах зэргээр тэдэнд аль болох тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой олон газар байдаг байна. Энэ бүгдийн цаана улс төрийн санаа зорилго агуулагддаг гэж шүүмжлэх хүн ч байдаг аж.
Шоуны продюсер Пак овогт ярихдаа реалити шоуны гол зорилго нь Хойд Солонгосын ард түмний хүнд хэцүү амьдралыг таниулж, хоёр Солонгосыг холбох зорилготой гэнэ.
С.ЦЭЛМЭГ