Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд АН нэр дэвшихийг хүссэн зургаан нэр дэвшигчийг дотооддоо өрсөлдүүлэхэд, хамгийн өндөр оноог УИХ-ын гишүүн асан Х.Баттулга авсан юм. Ингээд Х.Баттулгын тухай баримтуудыг хүргэж байна.
- Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм.
- Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь Галуут сумын уугуул. Гэхдээ аав ээж хоёр нь эрт хотод орж ирсэн бөгөөд комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй.
- Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил ангийн багш нь "Гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг" гэжээ. Үүнийг сонссон Х.Баттулга Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос 1990 он хүртэл Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж байжээ.
- Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын урд жуулчдад зургаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэлийг сурчээ.
- 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин болов.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
- 1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ.
- Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцон түрүүлэж дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.
- Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолыг олгож улмаар 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
- 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч бизнесийн замналаа эхлүүлж байжээ.
- Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм.
- Улс төрд орсон түүх:
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
- Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч архи амсдаггүй хүмүүс гэдэг.
- Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр”-ийг Х.Баттулга хямдхан худалдаж авсан юм.
- Мөн “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.
- "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг.
- Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ үүсгэн байгуулсан.
- Тэрээр спортынхныг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.
- 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан аж.
- Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан билээ.
http://news.zindaa.mn/20fa