Tuesday, May 2, 2017

20 жилийн дараа амьдрал ямар байх вэ?



Техник, технологийн хувьд 20 жилийн дараах амьдрал асар их ялгаатай байх нь гарцаагүй. Одоогоос 20 жилийн өмнөхийг эргэн санахад, бид интернэт гэгчтэй дөнгөж танилцаж байсан. Компьютер нь бүдүүн баараг, Windows 97 үйлдлийн системтэй. Мэдрэгчтэй дэлгэцтэй утас, хавтгай дэлгэцтэй зурагтын талаар дурсаад ч хэрэггүй. Галт тэргэнд цахим ном уншиж, гэртээ хүссэн киногоо төрөл бүрийн сувгаар хүлээн авах тухай санааг хүмүүс шоолдог байсан үе.

Тэгвэл, 20 жилийн дараах амьдрал ямар байх вэ?

ХООЛ, ХҮНС



Хоол, хүнсний салбарт гарах хамгийн гол, хувьсгал гэж нэрлэж болох өөрчлөлт нь хөдөө аж ахуйтай холбоотой. Уламжлалт хөдөө аж ахуйн хэлбэр хоцрогдож, “босоо” гэж нэрлэдэг шинэ хэлбэр хөгжинө. Энэ нь хиймэл оюун ухаанаар удирдуулсан өндөр барилгад жимс, хүнсний ногоог хөрсөнд бус усанд тарьж, махыг эсийн аргаар “ургуулах” болно. Энэ өөрчлөлт, энэ шинэ технологи хэдийн нэвтрээд байгаа. Явцдаа хүнсний салбарт өргөн нэвтэрнэ гэж Google компанийн зохион бүтээгч, энтерпреньер Рей Курцвейл ярьжээ.

Тасралтгүй өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд босоо хөдөө аж ахуй, генийн өөрчлөлттэй жимс, ногоо, хиймэл мах зайлшгүй өргөн хэрэглээнд нэвтрэх бололтой. Мөн хүнсэндээ шавьж хэрэглэх нь ихэснэ гэж судлаачид дүгнэж байна. Одоо ч Азид төрөл бүрийг шавьжийг хүнсэндээ хэрэглэх нь ердийн үзэгдэл. Учир нь шавьж уургийн агууламж өндөр, өөх тос бага, кальциар баялаг байдаг гэнэ. Ялангуяа царцаа.

ХАЙР ДУРЛАЛ



Хүмүүсийн шинэ танилтай учирч, хайрлан дурлах хэлбэр сүүлийн 10 жилд маш ихээр өөрчлөгдсөн гэдэг. Шалтгаан нь интернэт. Онлайн болзоо, байршлаас хамаарсан танилцах зууч сайтууд өч төчнөөн бий болсон тул хүмүүсийн харилцаа зөвхөн найз, найзын найз, эсвэл ажлын газрын танилын хүрээгээр хязгаарлагдахаа больсон.

Хувь хүний бие даасан, хараат бус байдал улам бүр хүчирхэгжиж байгаа нь хосуудын харилцаанд ч нөлөөлөх болж. Цөөн тооны хүмүүс л уламжлалт гэрлэлтийг сонгож, цахим хүрээнд хостой болж, сэтгэл санаагаа засах байдал ихэссэн, мөн үүрд биш гэхэд тодорхой хугацаанд ганц бие байхыг илүүд үзэх хүмүүсийн хандлага эрс нэмэгджээ.

Кинси институтын судлаач доктор Хелен Фишер секс, хүйсийн ялгаа, нөхөн үржихүйн асуудлаар судалгаа явуулдаг нэгэн. Тэрбээр “Гэрлэлт хосуудын харилцааны эхлэл болдог байсан үе өнгөрч ирээдүйд гэрлэлт бол харилцааны төгсгөл шат болно” гэж тайлбарлаж байна. Тодруулбал, мэдээлэл асар хурдтай тархаж буй энэ үед хосууд бие биесээ бүрэн таньж, хангалттай гэж үзэх хүртлээ гэрлэлтээс зайлсхийх бололтой.

Мэдээж хайр дурлал мөхөхгүй, и-мэйл, фейсбүүк, ямар ч компьютер, технологи хүн төрөлхтний хайр дурлалыг үгүйсгэж чадахгүй. Харин арга хэлбэрийн хувьд нэлээд өөрчлөгдөх нь гарцаагүй гэж судлаачид дүгнэж байна.

АЖИЛ



Машин, роботын үүрэг оролцоо ихсэж, олон салбарт автоматжуулалт хийгдэнэ. Таксины жолоочийн ажлыг автомат жолоодлоготой Uber-ын машинууд гүйцэтгэж, ресепшнийг робот орлоно. Эрүүл мэндийн салбарт өвчтөний эрүүл мэндийг илтгэх өгөгдлийг тооцоолох чадвартай алгоритм эмчийн ажлыг хийж, аяллын маршрут төлөвлөдөг, нислэгийн тийз захиалгын цахим хуудсууд аяллын зууч гэх ажлыг жагсаалтаас гаргах болно.

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар спортын тэмцээн, уралдааны дүн бэлтгэж, санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг нэгтгэж байгаа компаниуд удахгүй зохиолч, сэтгүүлчдийн орон зайг ч булааж эхэлнэ.

Устгаж, үгүй болохын хамтаар шинэ зүйл ч бий болно. Автомат жолоодлоготой Uber таксины компьютер инженер, программист, био-инженер, ген кодчилогч, сансрын аяллын зууч гэх мэт. Технологийн дэвшилд түрэгдэж олон бизнес мөхөж, ажлын байр хомсдохын зэрэгцээ, одоо бидний төсөөлж чадахгүй байгаа олон ажлын байр шинээр бий болно.

Ажлын газар гэх ойлголт бараг үгүй болно. Өглөөнөөс орой хүртэл ширээний ард сууж, ажил хийхээ болиод гэрээсээ зайнаас ажилладаг хэлбэр давамгайлна. Нэг өрөөнд хана дүүрэн том дэлгэцээс ажлаа бүгдийг нь удирддаг тийм хэлбэрт шилжинэ.

ЭРҮҮЛ МЭНД



Эрүүл мэндээ хянаж сурах, улмаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь гол зорилго болно. Өөрийгөө хянах, удирдах боломжтой био мэдрэгч, ухаалаг бугуйн цаг, интернэтэд суурилсан элдэв төрлийн аппликейшн ашиглаж, эрүүл мэндийн өгөгдлүүдийг цахим хэлбэрээр хадгалдаг болно. Тэдгээр тоон үзүүлэлтүүдэд суурилж бүх биеийн эрүүл мэндийг тодорхойлох, загвар бие бүтээх, ирээдүйн эрсдэлийг тооцоолох зэрэг үйлчилгээ өргөн нэвтэрнэ. Урьдчилж мэдсэнээр өвчтөн эрт арга хэмжээ авч, амьдралын хэв маягаа өөрчлөх, муу зуршлаа халах, тухайн хүний ДНХ-д тусгайлан тохируулсан эм хэрэглэх зэрэг арга хэмжээ авах болно.

Эмч нар интернэтээр өвчтөнөө хянаж, энэ нь төвөөс алслагдмал хүмүүст үр өгөөжтэй байх ажээ.

Тухайн өвчтөн бүрт зориулж, генийн кодчиллын тусламжтайгаар тусгай эм бүтээх, донор эрхтэнг 3D-гээр хэвлэж, автомат жолоодлоготой түргэн тусламжийн автомашинд дронууд ажиллах болно. Иймэрхүү концепт загваруудыг өндөр хөгжилтэй оронд хэдийн бүтээж эхэлжээ.

ТЕХНОЛОГИ



Хоол хүнс, эрүүл мэнд, ажил төрөл, харилцаа гээд бүхий л салбарт технологийн хувьсал тусгалаа олох болно. Цэнэг хураах технологи илүү сайжирснаар цахилгаан автомашин, нисдэг машин, сансрын аялал, дроны үйлчилгээ илүү төгс хэлбэрт шилжих болно. Биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргах төрөл бүрийн төхөөрөмжийг биедээ зүүж, цахилгаан хэрэгслүүдээ утасгүйгээр цэнэглэнэ. Алгоритмаар гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж, Google Now, Siri нараас илүү ахисан төвшний виртуал туслах ердийн хэрэглээ болно.

Хамгийн гол нь технологи илүү жижиг, илүү ухаалаг, илүү хямд болно. Компьютерийн овор хэмжээ багассанаар авч явахад хялбар болно, хөргөгч чинь хугацаа нь дууссан сүүний талаар анхааруулж, хогийн сав чинь дүүрсэн дохио өгч, үзээгүй үед телевизор чинь автоматаар унтарна. Эдгээр нь айл болгонд байх энгийн хэрэглээ байх болно.

С.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: SUNCORP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.